Өчигдөр нэг их сүрхий хүн болоод Д.Нацагдоржийн номын санд сууваа. Ямар ч том номын санд сууж үзээгүй байсан маань биелэгдлээ. Гэхдээ анх ороод л нөгөө сайхан юм хийх хүсэл, ном үзэх тухай бодол маань унтарч орхив. Ааштай бүртгэгчид тас загнуулж чив чимээгүй зогссон оюутан охидуудын харцнаас нөгөө эмэгтэйтэй аятайхан харьцаж маш тод тодорхой хариу хэлэх ёстойгоо ойлголоо. Гэхдээ аз болж /аймаар том аз/ би ч загнуулах юм гаргасангүй бололтой, нэг их олон юм үглэсэнгүй. Эсвэл энэ оюутан биш ажилладаг, бас царайнаас нь ааштай бололтой гээд юм хэлсэнгүй юм бүү мэд. За ямар ч байсан амжилттай бүртгүүлээд хувцсаа өлгүүлэх гэтэл түрүүнээс хойш уртын урт очер цуваа үргэлжилсэн байсан нь зөвхөн өлгүүрт очерлож байгаа хэрэг болж таарлаа. Би гэхдээ 30-40 минутын дараа хувцсаа хэрүүл уруултай нэг юм өлгүүллээ. Хэрвээ тэр оюутнууд шиг шударгаараа зогссон бол дор хаяж 2 цаг зогсохоор байв. Зогсч зогсч арайхийж нэг юм өлгүүр дээр иртэл өлгөхгүй ээ, 10 хүүхэд гарахыг хүлээж байж дараагийн хувцсаа авна гэнээ. Үгүй ээ, ямар ч байсан хувцсаа өлгүүлчихэе, энэ хавиар зогсож байгаад орох болохоор нь оръё гэтэл ямар ч найраа байхгүй гэнэ дээ. Энэ хүүхдүүдээс бушуухан гараасай гэж бодож зогсов, учир нь түрүүнээс хойш зогссон хөл ч өвдөж, нуруу ч чилж байв. 10 минут хүлээсний эцэст арайхийж нэг юм заландаа орох зөвшөөрөлтэй боллоо. Дараагийн удаад өлгүүрт удаан хүлээж зогсохгүйн тулд өглөө онгойх үед нь л ирж байх нь дээр гэдгийг мэдэрлээ. Хариуцсан дарга, цэрэг нь энэ замбараагүй байдлаа яагаад зохицуулж болдоггүй юм болдоо. Ганц цаг суух гэсэн биш 2 цаг хувцсаа өлгүүлэх гэж зогсоод ч яах юм билээ дээ.