Сургамжит үлгэрүүд

Өнгөрснийг бус, ирээдүйгээ авар
Нэгэн цаасны худалдаачин байн байн маш их бороо орж, үер буудаг нутагт арилжаа наймаа эрхэлдэг байжээ. Цаас бол жин ихтэй бараа. Дээд давхраас доош нь зөөх амаргүй тул бараагаа бүгдийг нь нэг давхартаа агуулдаг байжээ.
Бороо орох бүрийд дэлгүүрийн эзэн гадуураа урсч байгаа их усыг харан, "хэзээ л энэ их ус дэлгүүрт минь урсч орж ирээд хамаг цаасыг минь норгох бол" хэмээн түгшинэ. Нэгэн өдөр өнөөх хотод урьд өмнө нь орж байгаагүй ширүүн бороо орж, голын ус үерлэн, агшин зуурын дотор л дэлгүүрийн үүдний өмнүүр бяцхан горхи болон урсч эхлэх нь тэр. Дэлгүүрийн бараанууд шөлөн доторхи мах, ногоо адил хөвж эхлэв. Үерийн ус үүдээр нэмэн орж ирэхийг хэлэх үү, хэн нь ч хэрхэхээ мэдэхээ болиход дэлгүүрийн эзэн усан бороон дундуур ажиг ч үгүй гараад алхчихав. Ажилчид нь түүнийг хүмүүс авчирч туслуулах нь дээ гэж бодоцгоосон боловч тэрбээр оройн хэрд ганцаархнаа буцаж иржээ. Дэлгүүрийн цааснууд нороод, бүгд хаягдал болсон тул тэрбээр бүх цаасаа гарган хаяж, тэндээс нүүгээд, нэгэн хуучин байрны нэг давхрыг хөлслөн авч наймаагаа үргэлжлүүлэв. Гэхдээ энэ удаад түрүүчийнхээсээ гурав дахин их цаас авчираад зарж эхэлжээ.

Хэсэг хугацааны дараа тэр хотод түрүүчийнхээс илүү аймшигт үер буув. Олон хүн байшингийнхаа дээвэр дээр авиран гарч, улаанаараа эргэлдэн урсах үерээс амиа хоохойлж байлаа. Дэлгүүрийн эзэн ч мөн үүдэндээ зогсон гудамжнаа урсах үерийн усыг харж байсан хэдий ч дэлгүүрт нь харин юу ч тохиолдсонгүй. Тэр энэ удаад асар богино хугацаанд их ашиг олжээ. Учир нь бараг бүх цаасны дэлгүүрүүд усанд автсан тул албан газрууд, зохиолчид, хэнд цаас хэрэгтэй билээ, тэр бүхэн мөнгөө барин дэлгүүрийг нь сурагласаар ирнэ.

Нэг хүн түүнээс “Энэ өндөрлөг газрыг урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол оо? Та харин яаж анзаарч олж харав?” гэхэд тэрбээр инээмсэглэн “Түрүүчийн үерт дэлгүүрээ усанд автуулчихаад, энэ бүхнийг яаж буцаахаа мэдэхгүй байлаа. Тэгээд би дэлгүүрээ аврах гэж тэвдэлгүй, хотоор баахан явж, усанд авталгүй үлдсэн газрыг хайсан юм. Тэгж явахдаа л энэ газрыг олсон доо. Энэ л “Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар” гэсэн үг гэдгийг ойлгуулсан даа” гэж ээ.


Цаг гарга

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхдээ цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахдаа цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхдээ цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга

Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул анд нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга

Хүүхдийн сэтгэл эмзэг тул хүлээж сонсоход цаг гарга
Хөгшид бүхэн энэрэлтэй тул хүндлэн асрахад цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга



Нэгийг бодогдуулж байна уу?

My Blog List

Guess who is it?

Guess who is it?