"Signature"


Дандаа л бухимдаж явдаг хүн аятай баахан л бухимдалтай зүйлсээр блогоо дүүргэчихлээ. Тийм болохоор бага зэрэг өөдрөг зүйл тавья гэж бодоод Авъяаслаг Британчууд тэмцээнд оролцсон бүжгийн хамтлаг "Signature"-н бичлэгүүдийг орууллаа.

Эхний шалгаруулалтын бүжиг
Дараагийн шатных
Сүүлийн шалгаруулалт

Итгэл үнэмшил гэж юу вэ

Хүн төрөлхтөн оршин тогтносоор ирсэн олон зуун жилийн хугацаанд Шашин гээч зүйлийг шүтсээр ирсэн байх юм. Анхны үүсэл нь чулуун зэвсгийн үед тэнгэр дуугарч цахилгаан цохих, гал түймэр гарах, араатан амьтан дайрч довтлох зэргээс айж, өөрсдөөс нь холдуулж аюулгүй байлгахыг хүсч эхэлсэнээс үүдэлтэй гэдэг билээ. Тэр үедээ бүдүүлэг харанхуй хүмүүс яагаад тэнгэр дуугардаг юм, юунаас үүдэж гал түймэр гардаг юм зэргийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүйн улмаас хий дэмий л хоосон байхгүй зүйлд мөргөж, шүтэж ирсэн. Шашин мэдээж сайн муу 2 талтай зэрэг олон зүйлээр батлагдаж, сайнаасаа илүү муу үр дагавартайгаа харуулж байдаг.
Саяхан ямар ч билээ нэг FM сонсоод сууж байтал нэг нэвтрүүлэг явж байнаа. Тулга гэдэг нэртэй лам /үзмэрч????/ шууд холбогдож байгаа сонсогчдоос Нэр болон Төрсөн оныг нь асуугаад, ямар асуудалтай байна түүнийг нь бүтэх эсэхийг нь хэлж өгдөг юм байна. Мэдээлэл бүрэн бол шагай хаяаад харах, мэдээлэл тодорхой бус бол 41 чулуу татдаг юм байна.
Холбогдож байгаа сонсогчид нь өөрт тохиолдсон янз бүрийн л асуудлаа асуух юм. Нэг охин утасдаж байнаа. "Би одоо гадагшаа явж сурах гэж байгаа юм л даа, тэгсэн бүтэх эсэхээ мэдэхгүй байна, та хараад өгөөч гэж, Тулга лам 4 шагайгаа хаяж, үзсэний дараагаар чиний явах тун бүтэх нягууртай, зөвхөн маш сайн л хөөцөлдөх хэрэгтэй юм байна гэж", дараагийн нэг оролцогч нь "Би найз залуутай юм л даа, Ган.... гэдэг юм, бид цаашдаа яах бол, гэрлэх болов уу гэж асуулаа, лам үзээд тиймээ та 2 тохирно, эхлээд хүүтэй болоод дараа нь охинтой болно за та 2-т баяр хүргэе" гээд яг л хуримын ордоны зохион байгуулагч баяр хүргэж байгаа юм шиг л юм болж байна.
Нэг залуу "би газар зарах гэсэн юмаа, зарагдах нь уу яах нь уу" гэж байна. Тэгээд нөгөө лам чулуугаа татаж үзээд "Чи зарах юм байна, чиний ойрхон байгаа хүндээ зарах юм байна" гэж байх юм.
Мэдээж энэ үйлийн цаана сэтгэлийн дэм өгөх, сэтгэл засах зэрэг сайн сайхан зүйл байгаа боловч эдгээр асуулт тавьж байгаа залуус өөрсдийн хийж байгаа зүйлдээ яагаад ч юм итгэлгүй, бүтнэ маш сайн байна гэвэл гадны хүчинд найдаад анхаарал суларч назгайрах асуудал үүсэх талтай. Хамгийн өөртөө итгэлгүй хүмүүс шашинг тэгтлээ шүтэж, өргөл барьц барьж явдаг гэж боддог, мэдээж үүнд хэсэг бүлэг хүмүүсийн тухайн нөхцөл байдлаас үүдсэн асуудалтай холбоотой үүсдэг байх. Ямартай ч нийтлэлч Баабарын Шашныг өмөөрөхүй дээр нэлээн бодит үндэслэлээр шашинд итгэгчдийг хувааж авч үзсэн байна лээ.
Би өөрийгөө шашингүй гэж үздэг боловч уг бүлгийн нэг хэсэгт орчихсон л явж байх. Байнга шүтэж, шүтээн залж, гандан орж ном уншуулахгүй ч Хэн нэг бүрлээчийн араас буяны ном хуруулж зам мөрийг тэгшлэхээр, өвчин зовлонд өвдөг сөхөрсөн үедээ ламаас арга чарга гуйж очих зэргээр ямар нэг байдлаар шашинтай холбогдсон л байх болох нь.
Үүнд тэгтлээ муу зүйл байхгүй боловч сүүлийн үеийн Монголын залуусын шашинд хандах хандлага арай хэтэрч, байнгын өргөл барьц барьж, ном уншуулж, хүүхдүүдийг багаас нь лам хувраг болгох, энд тэндгүй суварга босгож үргүй зардал гаргах гэхчилэн яг л хувьсгалын өмнөх үеийн байдал давтагдах шинжтэй болж байгааг хараад үнэндээ сэтгэл зовниж байна.

Ядууралгүй нийгэм бүтээцгээе

Ноднинхон гадагшаа явж сургалтанд суухдаа нэг номын дэлгүүрээс их гоё ном авсан юм. Бангладешийн Грамин банкыг/Grameen bank/ үүсгэн байгуулагч Энхтайвны Нобелийн шагналт Мухаммед Юнүс /Muhammad Yunus/ гэдэг хүний "Creating a World Without Poverty" гэсэн ном.
Уг номонд Мухаммед Юнүс Бангладешийн ядуучуудыг тэр тусмаа эмэгтэйчүүдийг хэрхэн өөрийн гэсэн бизнестэй болгох уу, өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгийн эхлэлийг нь яаж тавьж өгөх үү, Social Business буюу нийгэмлэг бизнесийн /яг юу гэж орчуулах юм бол сайн мэдэхгүй байна/ санаа яаж төрж түүнийг хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн талаараа бичсэн нь маш сонирхолтой болжээ.
Эдгээр хүмүүст бизнес эрхлэхэд нь туслах зорилгоор бичил зээл буюу маш бага хэмжээний зээлийг тухайн хүний бичиж ирсэн бизнес төлөвлөгөөг нь судалсаны үндсэн дээр олгож эхэлсэн байна. Ойролцоогоор 30-40 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зээлж өөрсдийн жижиг бизнесээ эхлэхийг дэмжиж эхэлжээ. Энэ мөнгөөр жишээ нь: гар урлал, жижиг ферм, жижиг дэлгүүр нээх зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ болж байсан байна. Энэ зээлийн онцлог нь хувь хүмүүс бие биендээ мөнгө зээлж байгаа мэтээр итгэлцээд олгож байгаа нь юм. Ямар нэг хууль ёсны баримтууд бүрдүүлэхийг шаардахгүй зөвхөн гар гараа бариад л болоо.
Тэгээд эдгээр хүмүүсийн бизнес амжилттай явж байгаа эсэхээс хамаарч тухайн хүнд дараагийн зээл олгогдоно. Энэ нь урьдынхаасаа илүү их хэмжээтэй байх нь тодорхой юм. Гэхдээ эдгээр жижиг зээлийг олгох ажлыг яаж хийдэг, банкны ажилтнуудаа яаж ажилд нь өөриймсөг хандуулж, зээлээ төлүүлж /барьцаагүй зээл шүү!/ чадаж байсан нь бас нэг ухаан юм.
Яадаг вэ гэхээр, Грамин банк салбар болон ажилтнуудаа урамшуулах 5 шаттай арга хэмжээ явуулж байсан байна. Хэрвээ ажилтан олгосон бүх харилцагчдынхаа зээлийг /600 орчим харилцагч/ 100% төлүүлэх юм бол ногоон од олгоно. Хэрвээ энэ ажилтан хийж байгаа ажлаа ашигтай байлгаж чадвал өөр нэг од цэнхэрийг авах эрхтэй болно. Дараагийн эрх нь уг цэнхэрийг авч чадсан хүн олгосон зээлээсээ илүү хэмжээний депозит банкиндаа байршуулж чадвал ягаан одын эзэн болох юм. Хэрвээ уг ажилтны зээлдэгчдын үр хүүхдүүд сургууль цэцэрлэгт явж эхэлсэн нь тодорхой бол бор одны эзэн болох учиртай. Эцэст нь түүний бүх зээлдэгчид нь ядуурлаас ангижирч чадсан бол Улаан одны эзэн болж уг ажилтны энгэр дээр тодоос тод улаан од гялалзах юм. Энүүгээрээ уг ажилтан ажлаа маш үр дүнтэй хийсэн гэсэн бахархалтай болох юм.
Энэ нь зөвхөн ажилтнуудаа үр дүнтэй ажиллуулах арга ч биш харилцагчдынхаа нийгмийн сайн сайхныг бодитоор дээшлүүлэх улмаар ядуурлаас ангижруулах маш ухаалаг алхам нь харагдах болно.
Нийгэмлэг бизнесийн тухай цухас дурьдахад энэ нь Мухаммед Юнус-н тайлбарласнаар ногдол ашиг хуваарилахгүй, өөрөө өөрийнхөө өртгийг л дараад явах, ашиг гарахгүй байх бизнес санаа юм. Эзэд нь хөрөнгө оруулсан мөнгөө тэр чигээр нь буцааж авна. Ядуучуудад зориулаад чанартай, үнэтэй гардаг бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөр тэдэнд нийлүүлж байх тухай олон жил бодож явсанаа хэрэгжүүлж эхлэхээр санаа шулуудаж Францын алдарт Даноне фирмтэй хамтарч Грамин-Даноне гэсэн хамтарсан нийгэмлэг бизнесээ эхлүүлсэн байна. Энэ чанартай, тэжээллэг хоол хүнсийг ядуучуудад хямдаар нийлүүлэх нь тэдний эрүүл мэнд, хүүхдүүд эрүүл чийрэг өсөн торниход чухал ач холбогдолтой нь тодорхой юм.

За энэ номыг гүйцэт уншиж амжаагүй байгаа учир ингэсгээд энэ удаадаа орхие. Олон хүмүүсийг ядуурлаас гарахад нь тусласан энэхүү буянтны маань Грамин банк өдгөө Дака хотод төвтэй, олон улсад салбараа нээж буянаа үйлдсээр байгаа юм байна.

Номын сан

Өчигдөр нэг их сүрхий хүн болоод Д.Нацагдоржийн номын санд сууваа. Ямар ч том номын санд сууж үзээгүй байсан маань биелэгдлээ. Гэхдээ анх ороод л нөгөө сайхан юм хийх хүсэл, ном үзэх тухай бодол маань унтарч орхив. Ааштай бүртгэгчид тас загнуулж чив чимээгүй зогссон оюутан охидуудын харцнаас нөгөө эмэгтэйтэй аятайхан харьцаж маш тод тодорхой хариу хэлэх ёстойгоо ойлголоо. Гэхдээ аз болж /аймаар том аз/ би ч загнуулах юм гаргасангүй бололтой, нэг их олон юм үглэсэнгүй. Эсвэл энэ оюутан биш ажилладаг, бас царайнаас нь ааштай бололтой гээд юм хэлсэнгүй юм бүү мэд. За ямар ч байсан амжилттай бүртгүүлээд хувцсаа өлгүүлэх гэтэл түрүүнээс хойш уртын урт очер цуваа үргэлжилсэн байсан нь зөвхөн өлгүүрт очерлож байгаа хэрэг болж таарлаа. Би гэхдээ 30-40 минутын дараа хувцсаа хэрүүл уруултай нэг юм өлгүүллээ. Хэрвээ тэр оюутнууд шиг шударгаараа зогссон бол дор хаяж 2 цаг зогсохоор байв. Зогсч зогсч арайхийж нэг юм өлгүүр дээр иртэл өлгөхгүй ээ, 10 хүүхэд гарахыг хүлээж байж дараагийн хувцсаа авна гэнээ. Үгүй ээ, ямар ч байсан хувцсаа өлгүүлчихэе, энэ хавиар зогсож байгаад орох болохоор нь оръё гэтэл ямар ч найраа байхгүй гэнэ дээ. Энэ хүүхдүүдээс бушуухан гараасай гэж бодож зогсов, учир нь түрүүнээс хойш зогссон хөл ч өвдөж, нуруу ч чилж байв. 10 минут хүлээсний эцэст арайхийж нэг юм заландаа орох зөвшөөрөлтэй боллоо. Дараагийн удаад өлгүүрт удаан хүлээж зогсохгүйн тулд өглөө онгойх үед нь л ирж байх нь дээр гэдгийг мэдэрлээ. Хариуцсан дарга, цэрэг нь энэ замбараагүй байдлаа яагаад зохицуулж болдоггүй юм болдоо. Ганц цаг суух гэсэн биш 2 цаг хувцсаа өлгүүлэх гэж зогсоод ч яах юм билээ дээ.

Бас л болохгүй нь ээ


Бусдын блогуудыг унших дуртай, блогын бичвэр бичих амархан мэт санагдавч санасны чинээгээр хялбар биш гэдгийг нь ойлгоод байна. Хичнээн хичээж, өөрийнхөө бодлыг бичих гэж оролдовч ямар нэг юм заавал дутаж байх. Энэ нь бодвол уран сайхны чадвар, сэтгэмж л их чухал шаардлагатай байдаг юм шиг байна.
Гэвч үүнээс илүү хэзээ ч хийж чадахгүй зүйл бас байна. Ургамлыг арчилж тордоод ургуулаад яваад байдаг хүмүүс байдаг ч би бас л чаддаггүй хэсэгт нь орох юм. Нэг сайхан цэцгийн үрийг тарих гэж олон жил оролдлоо. Хэзээ ч бүтэлтэй байсангүй. Нэг бол услахаа мартах, нэг бол харанхуй газар тавиад мартаад орхино, нэг бол хэтэрхий их услана.
Хэрвээ миний цэцэг ургаж эхлэх юм бол сайхан үнэртэй анхилуун сарнай болох ёстой. Гэвч жинхэнэ ягаан сарнайн үр мөн эсэхийг би даанч мэдэхгүй нь...

Бухимдал

Сүүлийн үед яагаад ч юм урьдынхаасаа илүү ихээр бухимдах боллоо. Хаашаа ч харсан болж бүтэхгүй зүйл, идсэн уусан, хулгайлсан, шамшигдуулсан, хүнд суртал, худал хуурмаг дээрээс нь агаарын бохирдол гээд үнэхээрийн тэвчиж барахааргүй зүйл олон байна. Эрх мэдэлтнүүд энэ бүхнийг хараад яаж зүгээр сууж чадаж байгааг ердөө ч ойлгохгүй нь. Ер нь энэ ертөнц дээр шударга зүйл гэж юм байна уу.
Агаарын бохирдолттой тэмцэх нэрийдлээр өч төчнөөн мөнгө хий дэмий үрэн таран хийж, зарим нэгний бизнесийн арга болж эхэллээ. Харсаар байтал хэдэн жилийг үр дүнгүй өнгөрүүлж байгаагаа харж байгаа боловч хэн ч юу ч дорвитой арга хэмжээ авахыг хүсэхгүй байна.
Гэр хорооллын айлуудын гэрийг зузаан бүрээсээр бүрэх биш, зуухаа орчин үеийн болгох биш, нүүрсээ боловсруулаад ч биш орон сууцны асуудлаар энэ бүхнийг ойрын хугацаанд бүрэн хэмжээгээр шийдэх хэрэгтэй байна. Юу гэвэл социализмын үеийн их бүтээн байгуулалт шиг нийтийн орон сууцаар аль болох олон айл өрхийг хангаж, бодит ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Гэр хорооллоос ангижруулж бүх өрхийг нийтийн орон сууцаар хангасны дараа дараагийн тухтай амьдрах амьжиргааны орон сууцны хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.
Үүнийг дагаад ДЦС, ЦС зэрэг нь хүчин чадал шавхагдах тул нэмж барьж байгуулах асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Эрх ямбатнуудын идэж уусан хөрөнгөний хэмжээгээр нэг байтугай нэлээн хэдэн байгууламж барих боломж байсан байж магадгүй.
Үүний хажуугаар монгол хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж идэх, уух, өмсөж зүүхээ зөвхөн өөрийн орны бүтээгдэхүүнээр хангах хэрэгтэй. Энд зөвхөн хэрэглэгчийн тухай яригдахгүй үйлдвэрлэгчийн тухай яригдах ёстой байх. Борлогдож байгаа, гүйлгээтэй бараагаа удахгүй өөрчилж, чанар нь муудаж, бидний хэлдгээр хулхи болж эхлэх юм. Энэ л бидний эх орны бүтээгдэхүүний нэр хүндэд нөлөөлж, гадэы зах зээлд амжилт олохгүй байх нэг шалтгаан болж байх юм.
Миний сууж байсан нэг курсын Америк багш бидэнд "Та нар Монголын бүтээгдэхүүн авбал Монголдоо хөрөнгө оруулалт хийж байна, Америкийн бүтээгдэхүүн авбал америкт хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм..." гэж хэлж байсан юм. Бидэн шиг ядуу орны иргэд Америкт хөрөнгө оруулна, Хятадад хөрөнгө оруулна гэсэн чинь юу гэсэн үг болж байна вэ. Бидэнд сонгох боломж байгаа бол Эх орныхоо бүтээгдэхүүнийг авч байя.

Сургамжит үлгэрүүд

Өнгөрснийг бус, ирээдүйгээ авар
Нэгэн цаасны худалдаачин байн байн маш их бороо орж, үер буудаг нутагт арилжаа наймаа эрхэлдэг байжээ. Цаас бол жин ихтэй бараа. Дээд давхраас доош нь зөөх амаргүй тул бараагаа бүгдийг нь нэг давхартаа агуулдаг байжээ.
Бороо орох бүрийд дэлгүүрийн эзэн гадуураа урсч байгаа их усыг харан, "хэзээ л энэ их ус дэлгүүрт минь урсч орж ирээд хамаг цаасыг минь норгох бол" хэмээн түгшинэ. Нэгэн өдөр өнөөх хотод урьд өмнө нь орж байгаагүй ширүүн бороо орж, голын ус үерлэн, агшин зуурын дотор л дэлгүүрийн үүдний өмнүүр бяцхан горхи болон урсч эхлэх нь тэр. Дэлгүүрийн бараанууд шөлөн доторхи мах, ногоо адил хөвж эхлэв. Үерийн ус үүдээр нэмэн орж ирэхийг хэлэх үү, хэн нь ч хэрхэхээ мэдэхээ болиход дэлгүүрийн эзэн усан бороон дундуур ажиг ч үгүй гараад алхчихав. Ажилчид нь түүнийг хүмүүс авчирч туслуулах нь дээ гэж бодоцгоосон боловч тэрбээр оройн хэрд ганцаархнаа буцаж иржээ. Дэлгүүрийн цааснууд нороод, бүгд хаягдал болсон тул тэрбээр бүх цаасаа гарган хаяж, тэндээс нүүгээд, нэгэн хуучин байрны нэг давхрыг хөлслөн авч наймаагаа үргэлжлүүлэв. Гэхдээ энэ удаад түрүүчийнхээсээ гурав дахин их цаас авчираад зарж эхэлжээ.

Хэсэг хугацааны дараа тэр хотод түрүүчийнхээс илүү аймшигт үер буув. Олон хүн байшингийнхаа дээвэр дээр авиран гарч, улаанаараа эргэлдэн урсах үерээс амиа хоохойлж байлаа. Дэлгүүрийн эзэн ч мөн үүдэндээ зогсон гудамжнаа урсах үерийн усыг харж байсан хэдий ч дэлгүүрт нь харин юу ч тохиолдсонгүй. Тэр энэ удаад асар богино хугацаанд их ашиг олжээ. Учир нь бараг бүх цаасны дэлгүүрүүд усанд автсан тул албан газрууд, зохиолчид, хэнд цаас хэрэгтэй билээ, тэр бүхэн мөнгөө барин дэлгүүрийг нь сурагласаар ирнэ.

Нэг хүн түүнээс “Энэ өндөрлөг газрыг урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол оо? Та харин яаж анзаарч олж харав?” гэхэд тэрбээр инээмсэглэн “Түрүүчийн үерт дэлгүүрээ усанд автуулчихаад, энэ бүхнийг яаж буцаахаа мэдэхгүй байлаа. Тэгээд би дэлгүүрээ аврах гэж тэвдэлгүй, хотоор баахан явж, усанд авталгүй үлдсэн газрыг хайсан юм. Тэгж явахдаа л энэ газрыг олсон доо. Энэ л “Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар” гэсэн үг гэдгийг ойлгуулсан даа” гэж ээ.


Цаг гарга

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхдээ цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахдаа цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхдээ цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга

Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул анд нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга

Хүүхдийн сэтгэл эмзэг тул хүлээж сонсоход цаг гарга
Хөгшид бүхэн энэрэлтэй тул хүндлэн асрахад цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга



Нэгийг бодогдуулж байна уу?

My Blog List

Guess who is it?

Guess who is it?