Турк улсад


Ноднин Туркийн Cтанбул орохдоо энэ бичлэгийг хийсэн юм. Ази, Европыг заагласан Bosphorus-н хоолойны хойд хэсэгт нь байдаг ордон. Яг юуны ордон гэдгийг нь мартчихжээ. Сурвалжлахаар яваагүй болохоор. :) Харин энэ бол амралтаараа гудамжинд хөгжим тоглож мөнгө олж, нэг ёсондоо дадлагаа ч хийж байгаа консерваторын оюутнууд юм байна. Эдний бичлэгийг нь өөр компъютерт хийчихсэн байсан чинь эвдэрчихсэн байна. Зассаных нь дараа оруулнаа. Үнэхээр гоё уянгалаг хөгжим байсан. Голд сууж байгаа эмэгтэйнх нь тоглож байгаа нь ёочинтой их төсөөтэй, яг л ёочин харагдаж байна лээ дээ.

Эх орны бүтээгдэхүүн

Бидний эх оронч, үндсэрхэг үзэл маань хаана, хэзээ, хэдийд, ямар нөхцөлд гарах хэрэгтэй вэ, ямар байдлаар үүнийгээ илэрхийлэх вэ гэж олон хүн боддог байх. Зарим нэг нь цээжээ дэлдэж, би Монгол хүн, Монголоороо бахархаж байна гэж хэлж ярьж, өөр үндэстний иргэдийг дарамтлах, зодох, эд хөрөнгийг булаан авч, Монголоос зайл гэж хэлэх хэрэгтэй гэж үздэг. Харин жинхэнэ үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлгээ маань дотоодын бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх, орчин тойрондоо хүндэтгэлтэй хандах, байгаль орчноо бохирдуулахгүй байх зэргээр илэрхийлэгдэх ёстой гэж би үздэг.

Монгол бүтээгдэхүүний хувьд хямд, чанартай, сайн бүтээгдэхүүнүүд зөндөө байдгийг захаас нь танилцуулъя.

1.Ичкрем компаний гоо сайхны бүтээгдэхүүнүүд, тэр дундаа сүүн шингэн, биеийн тос, гарын тос нь ямар ч гадны бүтээгдэхүүнүүдээс дутахгүй хийгдсэн байна лээ.
2.Ариун гэдэг "0"-н цаас. Солонгос, Хятад, Оросын цааснуудаас /Оросын бор цаастай харьцуулах шаардлагагүй/ хол давсан хөвсгөр, зөөлөн, цагаан. Хэрэглээнийхээ хэмжээгээр авч болохоор олон төрлөөр ууталсан, боловсронгуй болсон байна лээ.
3.Эко-Эрдэнэ ХХК, Еден ХХК-ны жимсний чанамалууд бол бусад импортын варенуудтай харьцуулалтгүй амттай, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж чадсан байна. Нэрсний, Аньсны гээд л...
4.Сүүлийн үед СҮҮ ХК-ны бүтээгдэхүүний төрөл олширч олон гоё юм хийдэг болжээ. Саяхан авсан монгол масло нь бол яг өрөм л гэсэн үг. Урьд нь Монгол масло гэхээр давстай гашуун юм санагддаг байсан бол энэ удаад өөрчилж чаджээ.

гэх мэтчилэн олон гоё бүтээгдэхүүнүүд гарч байгаа учраас хэрэглэж заншихыг уриалж байна. Энд мэдээж гадны өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнийг орууллаа. Мэдээжийн хэрэг миний мэддэггүй олон бүтээгдэхүүн байгаа гэж найдаж байгаа. Та бүхний мэддэг зүйлс энд байхгүй бол хэлж өгч туслаарай :)

Би эднийхээ зургыг нь оруулъя гэж бодсон чинь олдохгүй байна. Дараа олдвол нөхөж оруулнаа.

"Signature"


Дандаа л бухимдаж явдаг хүн аятай баахан л бухимдалтай зүйлсээр блогоо дүүргэчихлээ. Тийм болохоор бага зэрэг өөдрөг зүйл тавья гэж бодоод Авъяаслаг Британчууд тэмцээнд оролцсон бүжгийн хамтлаг "Signature"-н бичлэгүүдийг орууллаа.

Эхний шалгаруулалтын бүжиг
Дараагийн шатных
Сүүлийн шалгаруулалт

Итгэл үнэмшил гэж юу вэ

Хүн төрөлхтөн оршин тогтносоор ирсэн олон зуун жилийн хугацаанд Шашин гээч зүйлийг шүтсээр ирсэн байх юм. Анхны үүсэл нь чулуун зэвсгийн үед тэнгэр дуугарч цахилгаан цохих, гал түймэр гарах, араатан амьтан дайрч довтлох зэргээс айж, өөрсдөөс нь холдуулж аюулгүй байлгахыг хүсч эхэлсэнээс үүдэлтэй гэдэг билээ. Тэр үедээ бүдүүлэг харанхуй хүмүүс яагаад тэнгэр дуугардаг юм, юунаас үүдэж гал түймэр гардаг юм зэргийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүйн улмаас хий дэмий л хоосон байхгүй зүйлд мөргөж, шүтэж ирсэн. Шашин мэдээж сайн муу 2 талтай зэрэг олон зүйлээр батлагдаж, сайнаасаа илүү муу үр дагавартайгаа харуулж байдаг.
Саяхан ямар ч билээ нэг FM сонсоод сууж байтал нэг нэвтрүүлэг явж байнаа. Тулга гэдэг нэртэй лам /үзмэрч????/ шууд холбогдож байгаа сонсогчдоос Нэр болон Төрсөн оныг нь асуугаад, ямар асуудалтай байна түүнийг нь бүтэх эсэхийг нь хэлж өгдөг юм байна. Мэдээлэл бүрэн бол шагай хаяаад харах, мэдээлэл тодорхой бус бол 41 чулуу татдаг юм байна.
Холбогдож байгаа сонсогчид нь өөрт тохиолдсон янз бүрийн л асуудлаа асуух юм. Нэг охин утасдаж байнаа. "Би одоо гадагшаа явж сурах гэж байгаа юм л даа, тэгсэн бүтэх эсэхээ мэдэхгүй байна, та хараад өгөөч гэж, Тулга лам 4 шагайгаа хаяж, үзсэний дараагаар чиний явах тун бүтэх нягууртай, зөвхөн маш сайн л хөөцөлдөх хэрэгтэй юм байна гэж", дараагийн нэг оролцогч нь "Би найз залуутай юм л даа, Ган.... гэдэг юм, бид цаашдаа яах бол, гэрлэх болов уу гэж асуулаа, лам үзээд тиймээ та 2 тохирно, эхлээд хүүтэй болоод дараа нь охинтой болно за та 2-т баяр хүргэе" гээд яг л хуримын ордоны зохион байгуулагч баяр хүргэж байгаа юм шиг л юм болж байна.
Нэг залуу "би газар зарах гэсэн юмаа, зарагдах нь уу яах нь уу" гэж байна. Тэгээд нөгөө лам чулуугаа татаж үзээд "Чи зарах юм байна, чиний ойрхон байгаа хүндээ зарах юм байна" гэж байх юм.
Мэдээж энэ үйлийн цаана сэтгэлийн дэм өгөх, сэтгэл засах зэрэг сайн сайхан зүйл байгаа боловч эдгээр асуулт тавьж байгаа залуус өөрсдийн хийж байгаа зүйлдээ яагаад ч юм итгэлгүй, бүтнэ маш сайн байна гэвэл гадны хүчинд найдаад анхаарал суларч назгайрах асуудал үүсэх талтай. Хамгийн өөртөө итгэлгүй хүмүүс шашинг тэгтлээ шүтэж, өргөл барьц барьж явдаг гэж боддог, мэдээж үүнд хэсэг бүлэг хүмүүсийн тухайн нөхцөл байдлаас үүдсэн асуудалтай холбоотой үүсдэг байх. Ямартай ч нийтлэлч Баабарын Шашныг өмөөрөхүй дээр нэлээн бодит үндэслэлээр шашинд итгэгчдийг хувааж авч үзсэн байна лээ.
Би өөрийгөө шашингүй гэж үздэг боловч уг бүлгийн нэг хэсэгт орчихсон л явж байх. Байнга шүтэж, шүтээн залж, гандан орж ном уншуулахгүй ч Хэн нэг бүрлээчийн араас буяны ном хуруулж зам мөрийг тэгшлэхээр, өвчин зовлонд өвдөг сөхөрсөн үедээ ламаас арга чарга гуйж очих зэргээр ямар нэг байдлаар шашинтай холбогдсон л байх болох нь.
Үүнд тэгтлээ муу зүйл байхгүй боловч сүүлийн үеийн Монголын залуусын шашинд хандах хандлага арай хэтэрч, байнгын өргөл барьц барьж, ном уншуулж, хүүхдүүдийг багаас нь лам хувраг болгох, энд тэндгүй суварга босгож үргүй зардал гаргах гэхчилэн яг л хувьсгалын өмнөх үеийн байдал давтагдах шинжтэй болж байгааг хараад үнэндээ сэтгэл зовниж байна.

Ядууралгүй нийгэм бүтээцгээе

Ноднинхон гадагшаа явж сургалтанд суухдаа нэг номын дэлгүүрээс их гоё ном авсан юм. Бангладешийн Грамин банкыг/Grameen bank/ үүсгэн байгуулагч Энхтайвны Нобелийн шагналт Мухаммед Юнүс /Muhammad Yunus/ гэдэг хүний "Creating a World Without Poverty" гэсэн ном.
Уг номонд Мухаммед Юнүс Бангладешийн ядуучуудыг тэр тусмаа эмэгтэйчүүдийг хэрхэн өөрийн гэсэн бизнестэй болгох уу, өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгийн эхлэлийг нь яаж тавьж өгөх үү, Social Business буюу нийгэмлэг бизнесийн /яг юу гэж орчуулах юм бол сайн мэдэхгүй байна/ санаа яаж төрж түүнийг хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн талаараа бичсэн нь маш сонирхолтой болжээ.
Эдгээр хүмүүст бизнес эрхлэхэд нь туслах зорилгоор бичил зээл буюу маш бага хэмжээний зээлийг тухайн хүний бичиж ирсэн бизнес төлөвлөгөөг нь судалсаны үндсэн дээр олгож эхэлсэн байна. Ойролцоогоор 30-40 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зээлж өөрсдийн жижиг бизнесээ эхлэхийг дэмжиж эхэлжээ. Энэ мөнгөөр жишээ нь: гар урлал, жижиг ферм, жижиг дэлгүүр нээх зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ болж байсан байна. Энэ зээлийн онцлог нь хувь хүмүүс бие биендээ мөнгө зээлж байгаа мэтээр итгэлцээд олгож байгаа нь юм. Ямар нэг хууль ёсны баримтууд бүрдүүлэхийг шаардахгүй зөвхөн гар гараа бариад л болоо.
Тэгээд эдгээр хүмүүсийн бизнес амжилттай явж байгаа эсэхээс хамаарч тухайн хүнд дараагийн зээл олгогдоно. Энэ нь урьдынхаасаа илүү их хэмжээтэй байх нь тодорхой юм. Гэхдээ эдгээр жижиг зээлийг олгох ажлыг яаж хийдэг, банкны ажилтнуудаа яаж ажилд нь өөриймсөг хандуулж, зээлээ төлүүлж /барьцаагүй зээл шүү!/ чадаж байсан нь бас нэг ухаан юм.
Яадаг вэ гэхээр, Грамин банк салбар болон ажилтнуудаа урамшуулах 5 шаттай арга хэмжээ явуулж байсан байна. Хэрвээ ажилтан олгосон бүх харилцагчдынхаа зээлийг /600 орчим харилцагч/ 100% төлүүлэх юм бол ногоон од олгоно. Хэрвээ энэ ажилтан хийж байгаа ажлаа ашигтай байлгаж чадвал өөр нэг од цэнхэрийг авах эрхтэй болно. Дараагийн эрх нь уг цэнхэрийг авч чадсан хүн олгосон зээлээсээ илүү хэмжээний депозит банкиндаа байршуулж чадвал ягаан одын эзэн болох юм. Хэрвээ уг ажилтны зээлдэгчдын үр хүүхдүүд сургууль цэцэрлэгт явж эхэлсэн нь тодорхой бол бор одны эзэн болох учиртай. Эцэст нь түүний бүх зээлдэгчид нь ядуурлаас ангижирч чадсан бол Улаан одны эзэн болж уг ажилтны энгэр дээр тодоос тод улаан од гялалзах юм. Энүүгээрээ уг ажилтан ажлаа маш үр дүнтэй хийсэн гэсэн бахархалтай болох юм.
Энэ нь зөвхөн ажилтнуудаа үр дүнтэй ажиллуулах арга ч биш харилцагчдынхаа нийгмийн сайн сайхныг бодитоор дээшлүүлэх улмаар ядуурлаас ангижруулах маш ухаалаг алхам нь харагдах болно.
Нийгэмлэг бизнесийн тухай цухас дурьдахад энэ нь Мухаммед Юнус-н тайлбарласнаар ногдол ашиг хуваарилахгүй, өөрөө өөрийнхөө өртгийг л дараад явах, ашиг гарахгүй байх бизнес санаа юм. Эзэд нь хөрөнгө оруулсан мөнгөө тэр чигээр нь буцааж авна. Ядуучуудад зориулаад чанартай, үнэтэй гардаг бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөр тэдэнд нийлүүлж байх тухай олон жил бодож явсанаа хэрэгжүүлж эхлэхээр санаа шулуудаж Францын алдарт Даноне фирмтэй хамтарч Грамин-Даноне гэсэн хамтарсан нийгэмлэг бизнесээ эхлүүлсэн байна. Энэ чанартай, тэжээллэг хоол хүнсийг ядуучуудад хямдаар нийлүүлэх нь тэдний эрүүл мэнд, хүүхдүүд эрүүл чийрэг өсөн торниход чухал ач холбогдолтой нь тодорхой юм.

За энэ номыг гүйцэт уншиж амжаагүй байгаа учир ингэсгээд энэ удаадаа орхие. Олон хүмүүсийг ядуурлаас гарахад нь тусласан энэхүү буянтны маань Грамин банк өдгөө Дака хотод төвтэй, олон улсад салбараа нээж буянаа үйлдсээр байгаа юм байна.

Номын сан

Өчигдөр нэг их сүрхий хүн болоод Д.Нацагдоржийн номын санд сууваа. Ямар ч том номын санд сууж үзээгүй байсан маань биелэгдлээ. Гэхдээ анх ороод л нөгөө сайхан юм хийх хүсэл, ном үзэх тухай бодол маань унтарч орхив. Ааштай бүртгэгчид тас загнуулж чив чимээгүй зогссон оюутан охидуудын харцнаас нөгөө эмэгтэйтэй аятайхан харьцаж маш тод тодорхой хариу хэлэх ёстойгоо ойлголоо. Гэхдээ аз болж /аймаар том аз/ би ч загнуулах юм гаргасангүй бололтой, нэг их олон юм үглэсэнгүй. Эсвэл энэ оюутан биш ажилладаг, бас царайнаас нь ааштай бололтой гээд юм хэлсэнгүй юм бүү мэд. За ямар ч байсан амжилттай бүртгүүлээд хувцсаа өлгүүлэх гэтэл түрүүнээс хойш уртын урт очер цуваа үргэлжилсэн байсан нь зөвхөн өлгүүрт очерлож байгаа хэрэг болж таарлаа. Би гэхдээ 30-40 минутын дараа хувцсаа хэрүүл уруултай нэг юм өлгүүллээ. Хэрвээ тэр оюутнууд шиг шударгаараа зогссон бол дор хаяж 2 цаг зогсохоор байв. Зогсч зогсч арайхийж нэг юм өлгүүр дээр иртэл өлгөхгүй ээ, 10 хүүхэд гарахыг хүлээж байж дараагийн хувцсаа авна гэнээ. Үгүй ээ, ямар ч байсан хувцсаа өлгүүлчихэе, энэ хавиар зогсож байгаад орох болохоор нь оръё гэтэл ямар ч найраа байхгүй гэнэ дээ. Энэ хүүхдүүдээс бушуухан гараасай гэж бодож зогсов, учир нь түрүүнээс хойш зогссон хөл ч өвдөж, нуруу ч чилж байв. 10 минут хүлээсний эцэст арайхийж нэг юм заландаа орох зөвшөөрөлтэй боллоо. Дараагийн удаад өлгүүрт удаан хүлээж зогсохгүйн тулд өглөө онгойх үед нь л ирж байх нь дээр гэдгийг мэдэрлээ. Хариуцсан дарга, цэрэг нь энэ замбараагүй байдлаа яагаад зохицуулж болдоггүй юм болдоо. Ганц цаг суух гэсэн биш 2 цаг хувцсаа өлгүүлэх гэж зогсоод ч яах юм билээ дээ.

Бас л болохгүй нь ээ


Бусдын блогуудыг унших дуртай, блогын бичвэр бичих амархан мэт санагдавч санасны чинээгээр хялбар биш гэдгийг нь ойлгоод байна. Хичнээн хичээж, өөрийнхөө бодлыг бичих гэж оролдовч ямар нэг юм заавал дутаж байх. Энэ нь бодвол уран сайхны чадвар, сэтгэмж л их чухал шаардлагатай байдаг юм шиг байна.
Гэвч үүнээс илүү хэзээ ч хийж чадахгүй зүйл бас байна. Ургамлыг арчилж тордоод ургуулаад яваад байдаг хүмүүс байдаг ч би бас л чаддаггүй хэсэгт нь орох юм. Нэг сайхан цэцгийн үрийг тарих гэж олон жил оролдлоо. Хэзээ ч бүтэлтэй байсангүй. Нэг бол услахаа мартах, нэг бол харанхуй газар тавиад мартаад орхино, нэг бол хэтэрхий их услана.
Хэрвээ миний цэцэг ургаж эхлэх юм бол сайхан үнэртэй анхилуун сарнай болох ёстой. Гэвч жинхэнэ ягаан сарнайн үр мөн эсэхийг би даанч мэдэхгүй нь...

My Blog List

Guess who is it?

Guess who is it?