Нэгэн бодол


Ингэж хааяа нэг бодогддог юм л даа. Бидний амьдарч байгаа дэлхий зах хязгаар нь барагдахгүй уужим бөгөөд хязгааргүй том ертөнц гэж. Гэвч сансар огторгуй дахь од, гаригийн түүчээтэй дэлхийгээ харьцуулсан байгааг олж харахад дэндүү өрөвдмөөр, дэндүү жижигхэн гэж харамсалтай ч юм шиг сэтгэгдэл төрнө. Нар маань дэлхийгээс 109 дахин том хэдий боловч аварга том гигант однуудын дэргэд бол бяцхан үрэл шиг харагдах юм.

Дэлхий маань сансрын уудмаас ямар үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдаж байгааг харж байгаа байх. Гэвч энэ сайхан дэлхий дээр маань харагдаж байгаа шигээ сайхан зүйлс л дандаа өрнөж байдаг болов уу.

Үргэлжийн мөнхийн дайсагнал, алаан хядаан, дайн дажин, өлсгөлөн, гуйланчлал, өширхөл, бие биенээсээ давах гэсэн хүмүүний ахархан биед баймгүй ихээхэн шунал нь мөнхөд оршсоор ирж. Чадахгүйгээ хүчээр булаах, чадахыгаа залилан мэхлэх гэх зэргээр муу муухай болгон энэ дэлхийд шүглэж, энэ уужим талбайд багтаж ядан тэмцэлдэх юм даа.

Үүний үр дүнд гуйлгачлал, ядуурал дээд цэгтээ хүрч, хорвоод бусадтайгаа ижилхэн амьдрах эрхээ авсан хүмүүс бусдын адил жаргалтай, зовлонтой амьдрах эрхгүй байх юм даа. Хэн нэг азтай нь баян айлын эрх танхи дураараа нэгэн болж өсч байхад, азгүй нэгэн нь амьдрах орон ч үгүй, үгээгүйн дээд үгээгүй болж төрнө.

Гэтэл хаа нэгтээ нөгөө баян тансаг хүмүүс нь өөрт буй мөнгөө үрэх гэж үйлээ үзэж зовж явах юм даа. Алтадсан суултууртай жорлонтой унтлагын өрөө хийлээ, сандал ширээгээ .... мянган доллараар захиалан тэр улсаас авчрууллаа.. гэх мэтчилэн учир нь олдохгүй зангууд гаргаад л.. бусад нь өдөр өдөрт турж үхсээр л.

Сонин шүү энэ хорвоо.. ийм л байх ёстой юм болов уу?

Бээжинд

Ноднин бас нэг сургалтаар Бээжин орлоо. Түрүүчийн удаа явахад баригдаж дуусаагүй байсан учир сая явахдаа Олимпийн нээлт болсон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн болон Усан шоог зорин байж очиж үзлээ. Найман сарын халуу шатсан өдөр маш шахуу графиктайгаар хятад найз охиноороо газарчлуулан, хэлмэрчлүүлэн явав. Хэрвээ өөрсдөө явсан бол ч үнэхээр бүтэхгүй бололтой. Тэгээд нөгөө хоёр алдарт барилга дээр очиход хөл хөдөлгөөн ихтэй, түмэн улсууд цугласан газар байдаг юм байна. Усан шоо нь цэв цэнхэрээр гэрэлтээд харин цэнгэлдэх хүрээлэн нь улаан өнгөөр гэрэлтээд харсан хүнд гоё сэтгэгдэл үлдээх юм. За тэгээд яаж зүгээр байхав, аппаратаараа бяцхан бичлэн хийгээд амжсанаа тавьлаа.



Аа нээрээ 2 дахь бичлэг дээр нь Усан шооны хажууханд орой бүр Хятадын хөгшчүүл цуглаж уламжлалт бүжгээ хийдэг юм байна. Эрүүл мэнддээ анхаардаг сүрхий улс шүү. Зарим хөгшчүүл нь үнэн цоглог юм аа. За тэгээд бичлэгнээс харагдана байх.

Сургамжит үлгэрүүд 2

ГУРВАН БАРИМАЛ

Хөрш 2 улсын хаад өөр хоорондоо дайтахгүй боловч төрсөн өдөр болон бусад баярын өдрүүдэд бие бие рүүгээ өвөрмөц сонин бэлэг явуулж ухааныг нь шалгадаг байжээ.
Хаан нэгэн өдөр улсынхаа хамгийн алдартай уран барималчинг дуудуулжээ. Түүнд ийн хэлэв:
"За барималч минь, би чамаар нэг сөөм өндөртэй, алтаар хийсэн, яг адилхан гурван хүн хөшөө хийлгэмээр байна. Гэвч тэдний хооронд энгийн боловч маш том ялгаа байх болно. Үүнийг чи бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй" гэлээ. Уран барималчин ч богино хугацаанд хааны зарлиг ёсоор гурван хүн хөшөөг хийж дуусгав. Хаан тэднийг хөрш улсынхаа хаанд бэлэг болгон илгээхдээ дэргэд бас нэг захиа илгээсэн байжээ. Тэрхүү захиандаа:
"Танд төрсөн өдрийн бэлэг болгож энэ гурван баримлыг илгээлээ. Энэ гурав өөр хоорондоо адилхан харагдаж байж магадгүй. Гэвч эдгээрийн зөвхөн нэг нь л маш хүндтэй шагнал юм шүү. Түүнийг олохоороо надад мэдэгдээрэй" гэж бичсэн байв.
Бэлгийг хүлээн авсан хаан учрыг нь олохын тулд эхлээд гурвууланг нь жигнэж үзтэл тэд хоорондоо граммаараа хүртэл яг адилхан байв. Аргаа барсан хаан улсынхаа урлаг соёлыг ойлгодог бүхий л хүмүүсийг дуудаж тэднээр харуулж шинжүүлсэн боловч харамсалтай нь хэн ч учрыг нь тайлж чадсангүй. Ийнхүү улс даяараа арга мухардан шаналж байтал хаант төрд тэрсэлсэн хэргээр гянданд хоригдож байгаа нэгэн залуугаас мэдээ иржээ. Энэ залуу оюун ухаан төгс нэгэн боловч хааны зарлигийг эсэргүүцсэн хэргээр гянданд хоригдож байгаа юмсанж. Залуу баримлуудыг сайтар ажиглаж үзээд тэднээс нарийн утас авчрахыг шаарджээ. Залууд утсыг өгтөл:
Нэгдэх баримлын чих рүү утсаа хийтэл түүний амнаас нь гарч ирэв.
Хоёр дахь баримлын мөн чих рүү нь хийтэл түүний нөгөө чихнээс нь гарчээ.
Гурав дахь баримлын чих рүү нь хийтэл түүний ямар ч газраар нь гарч ирсэнгүй. Түүнд ердөө утас орох нарийхан нүхнээс өөр онгорхой байсангүй. Тэгээд хаан учрыг олсонд их баярлаж баримлыг илгээсэн хаан руу ийн хариу захиа бичин илгээжээ.
"Чихээрээ сонссоноо амаараа гаргадаг хүн бол сайн хүн бишээ. Нэг чихээрээ сонссоноо нөгөө чихээрээ гаргадаг хүн надад таалагддаггүй. Чихээрээ сонссоноо зүрхэндээ хадгалдаг хүн жинхэнэ сайн хүн. Ийм эрхэм хүндтэй бэлэг явуулсан танд баярлалаа" гэжээ.

"Эмпати" төвөөс эрхлэн гаргадаг "Сургамжит үлгэрүүд-3" номноос...

Турк улсад


Ноднин Туркийн Cтанбул орохдоо энэ бичлэгийг хийсэн юм. Ази, Европыг заагласан Bosphorus-н хоолойны хойд хэсэгт нь байдаг ордон. Яг юуны ордон гэдгийг нь мартчихжээ. Сурвалжлахаар яваагүй болохоор. :) Харин энэ бол амралтаараа гудамжинд хөгжим тоглож мөнгө олж, нэг ёсондоо дадлагаа ч хийж байгаа консерваторын оюутнууд юм байна. Эдний бичлэгийг нь өөр компъютерт хийчихсэн байсан чинь эвдэрчихсэн байна. Зассаных нь дараа оруулнаа. Үнэхээр гоё уянгалаг хөгжим байсан. Голд сууж байгаа эмэгтэйнх нь тоглож байгаа нь ёочинтой их төсөөтэй, яг л ёочин харагдаж байна лээ дээ.

Эх орны бүтээгдэхүүн

Бидний эх оронч, үндсэрхэг үзэл маань хаана, хэзээ, хэдийд, ямар нөхцөлд гарах хэрэгтэй вэ, ямар байдлаар үүнийгээ илэрхийлэх вэ гэж олон хүн боддог байх. Зарим нэг нь цээжээ дэлдэж, би Монгол хүн, Монголоороо бахархаж байна гэж хэлж ярьж, өөр үндэстний иргэдийг дарамтлах, зодох, эд хөрөнгийг булаан авч, Монголоос зайл гэж хэлэх хэрэгтэй гэж үздэг. Харин жинхэнэ үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлгээ маань дотоодын бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх, орчин тойрондоо хүндэтгэлтэй хандах, байгаль орчноо бохирдуулахгүй байх зэргээр илэрхийлэгдэх ёстой гэж би үздэг.

Монгол бүтээгдэхүүний хувьд хямд, чанартай, сайн бүтээгдэхүүнүүд зөндөө байдгийг захаас нь танилцуулъя.

1.Ичкрем компаний гоо сайхны бүтээгдэхүүнүүд, тэр дундаа сүүн шингэн, биеийн тос, гарын тос нь ямар ч гадны бүтээгдэхүүнүүдээс дутахгүй хийгдсэн байна лээ.
2.Ариун гэдэг "0"-н цаас. Солонгос, Хятад, Оросын цааснуудаас /Оросын бор цаастай харьцуулах шаардлагагүй/ хол давсан хөвсгөр, зөөлөн, цагаан. Хэрэглээнийхээ хэмжээгээр авч болохоор олон төрлөөр ууталсан, боловсронгуй болсон байна лээ.
3.Эко-Эрдэнэ ХХК, Еден ХХК-ны жимсний чанамалууд бол бусад импортын варенуудтай харьцуулалтгүй амттай, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж чадсан байна. Нэрсний, Аньсны гээд л...
4.Сүүлийн үед СҮҮ ХК-ны бүтээгдэхүүний төрөл олширч олон гоё юм хийдэг болжээ. Саяхан авсан монгол масло нь бол яг өрөм л гэсэн үг. Урьд нь Монгол масло гэхээр давстай гашуун юм санагддаг байсан бол энэ удаад өөрчилж чаджээ.

гэх мэтчилэн олон гоё бүтээгдэхүүнүүд гарч байгаа учраас хэрэглэж заншихыг уриалж байна. Энд мэдээж гадны өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнийг орууллаа. Мэдээжийн хэрэг миний мэддэггүй олон бүтээгдэхүүн байгаа гэж найдаж байгаа. Та бүхний мэддэг зүйлс энд байхгүй бол хэлж өгч туслаарай :)

Би эднийхээ зургыг нь оруулъя гэж бодсон чинь олдохгүй байна. Дараа олдвол нөхөж оруулнаа.

"Signature"


Дандаа л бухимдаж явдаг хүн аятай баахан л бухимдалтай зүйлсээр блогоо дүүргэчихлээ. Тийм болохоор бага зэрэг өөдрөг зүйл тавья гэж бодоод Авъяаслаг Британчууд тэмцээнд оролцсон бүжгийн хамтлаг "Signature"-н бичлэгүүдийг орууллаа.

Эхний шалгаруулалтын бүжиг
Дараагийн шатных
Сүүлийн шалгаруулалт

Итгэл үнэмшил гэж юу вэ

Хүн төрөлхтөн оршин тогтносоор ирсэн олон зуун жилийн хугацаанд Шашин гээч зүйлийг шүтсээр ирсэн байх юм. Анхны үүсэл нь чулуун зэвсгийн үед тэнгэр дуугарч цахилгаан цохих, гал түймэр гарах, араатан амьтан дайрч довтлох зэргээс айж, өөрсдөөс нь холдуулж аюулгүй байлгахыг хүсч эхэлсэнээс үүдэлтэй гэдэг билээ. Тэр үедээ бүдүүлэг харанхуй хүмүүс яагаад тэнгэр дуугардаг юм, юунаас үүдэж гал түймэр гардаг юм зэргийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүйн улмаас хий дэмий л хоосон байхгүй зүйлд мөргөж, шүтэж ирсэн. Шашин мэдээж сайн муу 2 талтай зэрэг олон зүйлээр батлагдаж, сайнаасаа илүү муу үр дагавартайгаа харуулж байдаг.
Саяхан ямар ч билээ нэг FM сонсоод сууж байтал нэг нэвтрүүлэг явж байнаа. Тулга гэдэг нэртэй лам /үзмэрч????/ шууд холбогдож байгаа сонсогчдоос Нэр болон Төрсөн оныг нь асуугаад, ямар асуудалтай байна түүнийг нь бүтэх эсэхийг нь хэлж өгдөг юм байна. Мэдээлэл бүрэн бол шагай хаяаад харах, мэдээлэл тодорхой бус бол 41 чулуу татдаг юм байна.
Холбогдож байгаа сонсогчид нь өөрт тохиолдсон янз бүрийн л асуудлаа асуух юм. Нэг охин утасдаж байнаа. "Би одоо гадагшаа явж сурах гэж байгаа юм л даа, тэгсэн бүтэх эсэхээ мэдэхгүй байна, та хараад өгөөч гэж, Тулга лам 4 шагайгаа хаяж, үзсэний дараагаар чиний явах тун бүтэх нягууртай, зөвхөн маш сайн л хөөцөлдөх хэрэгтэй юм байна гэж", дараагийн нэг оролцогч нь "Би найз залуутай юм л даа, Ган.... гэдэг юм, бид цаашдаа яах бол, гэрлэх болов уу гэж асуулаа, лам үзээд тиймээ та 2 тохирно, эхлээд хүүтэй болоод дараа нь охинтой болно за та 2-т баяр хүргэе" гээд яг л хуримын ордоны зохион байгуулагч баяр хүргэж байгаа юм шиг л юм болж байна.
Нэг залуу "би газар зарах гэсэн юмаа, зарагдах нь уу яах нь уу" гэж байна. Тэгээд нөгөө лам чулуугаа татаж үзээд "Чи зарах юм байна, чиний ойрхон байгаа хүндээ зарах юм байна" гэж байх юм.
Мэдээж энэ үйлийн цаана сэтгэлийн дэм өгөх, сэтгэл засах зэрэг сайн сайхан зүйл байгаа боловч эдгээр асуулт тавьж байгаа залуус өөрсдийн хийж байгаа зүйлдээ яагаад ч юм итгэлгүй, бүтнэ маш сайн байна гэвэл гадны хүчинд найдаад анхаарал суларч назгайрах асуудал үүсэх талтай. Хамгийн өөртөө итгэлгүй хүмүүс шашинг тэгтлээ шүтэж, өргөл барьц барьж явдаг гэж боддог, мэдээж үүнд хэсэг бүлэг хүмүүсийн тухайн нөхцөл байдлаас үүдсэн асуудалтай холбоотой үүсдэг байх. Ямартай ч нийтлэлч Баабарын Шашныг өмөөрөхүй дээр нэлээн бодит үндэслэлээр шашинд итгэгчдийг хувааж авч үзсэн байна лээ.
Би өөрийгөө шашингүй гэж үздэг боловч уг бүлгийн нэг хэсэгт орчихсон л явж байх. Байнга шүтэж, шүтээн залж, гандан орж ном уншуулахгүй ч Хэн нэг бүрлээчийн араас буяны ном хуруулж зам мөрийг тэгшлэхээр, өвчин зовлонд өвдөг сөхөрсөн үедээ ламаас арга чарга гуйж очих зэргээр ямар нэг байдлаар шашинтай холбогдсон л байх болох нь.
Үүнд тэгтлээ муу зүйл байхгүй боловч сүүлийн үеийн Монголын залуусын шашинд хандах хандлага арай хэтэрч, байнгын өргөл барьц барьж, ном уншуулж, хүүхдүүдийг багаас нь лам хувраг болгох, энд тэндгүй суварга босгож үргүй зардал гаргах гэхчилэн яг л хувьсгалын өмнөх үеийн байдал давтагдах шинжтэй болж байгааг хараад үнэндээ сэтгэл зовниж байна.

My Blog List

Guess who is it?

Guess who is it?