Миний нэгэн авъяаслаг найз

Миний олон найз нарын нэг болох маш авъяаслаг Орос залуу байдаг юм. Зураг зурна, хөгжим тоглоно, шүлэг зохионо, гадаад хэл, бурхны шашин, соёл судлана, тэр тусмаа Монгол хэлийг маань төрөлхи хэл шигээ сурах гэж бие дааж үздэг хичээнгүй хүн бий. Гадаад хэл сайн сурахын тулд орчуулга сайн хий гэсэн зарчимтай тул тэрээр миний хайртай яруу найрагч О.Дашбалбар агсаны "Амьддаа бие биенээ хайрла" шүлгийг өөрийн хувилбараар Орос хэлрүү орчуулсан юм. Мэдээж ийм мундаг шүлэг аль хэдийн олон хэл дээр орчуулагдсан байх байх л даа. Гэхдээ мэдээж хүн болгон өөрийн ойлгосноор орчуулах учир сонирхолтой байх байх. Миний хувьд маш чадварлаг орчуулсан гэж боддог. Мөн түүний бас нэг авъяас болох зургийн бүтээлийг дэлгэн үзүүлэхээр найзааасаа зөвшөөрөл авсаны дагуу хэдэн зургийг блогтоо орууллаа. Ингээд сонирхоно уу. Харин шүлгийг дараагийн бичлэгээр оруулъя.

Энэ зураг дээр буддийн шашны бурхныг христийн иконтой хослуулан зурсан өвөрмөц бүтээл байгаа юм.





Нэгэн бодол


Ингэж хааяа нэг бодогддог юм л даа. Бидний амьдарч байгаа дэлхий зах хязгаар нь барагдахгүй уужим бөгөөд хязгааргүй том ертөнц гэж. Гэвч сансар огторгуй дахь од, гаригийн түүчээтэй дэлхийгээ харьцуулсан байгааг олж харахад дэндүү өрөвдмөөр, дэндүү жижигхэн гэж харамсалтай ч юм шиг сэтгэгдэл төрнө. Нар маань дэлхийгээс 109 дахин том хэдий боловч аварга том гигант однуудын дэргэд бол бяцхан үрэл шиг харагдах юм.

Дэлхий маань сансрын уудмаас ямар үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдаж байгааг харж байгаа байх. Гэвч энэ сайхан дэлхий дээр маань харагдаж байгаа шигээ сайхан зүйлс л дандаа өрнөж байдаг болов уу.

Үргэлжийн мөнхийн дайсагнал, алаан хядаан, дайн дажин, өлсгөлөн, гуйланчлал, өширхөл, бие биенээсээ давах гэсэн хүмүүний ахархан биед баймгүй ихээхэн шунал нь мөнхөд оршсоор ирж. Чадахгүйгээ хүчээр булаах, чадахыгаа залилан мэхлэх гэх зэргээр муу муухай болгон энэ дэлхийд шүглэж, энэ уужим талбайд багтаж ядан тэмцэлдэх юм даа.

Үүний үр дүнд гуйлгачлал, ядуурал дээд цэгтээ хүрч, хорвоод бусадтайгаа ижилхэн амьдрах эрхээ авсан хүмүүс бусдын адил жаргалтай, зовлонтой амьдрах эрхгүй байх юм даа. Хэн нэг азтай нь баян айлын эрх танхи дураараа нэгэн болж өсч байхад, азгүй нэгэн нь амьдрах орон ч үгүй, үгээгүйн дээд үгээгүй болж төрнө.

Гэтэл хаа нэгтээ нөгөө баян тансаг хүмүүс нь өөрт буй мөнгөө үрэх гэж үйлээ үзэж зовж явах юм даа. Алтадсан суултууртай жорлонтой унтлагын өрөө хийлээ, сандал ширээгээ .... мянган доллараар захиалан тэр улсаас авчрууллаа.. гэх мэтчилэн учир нь олдохгүй зангууд гаргаад л.. бусад нь өдөр өдөрт турж үхсээр л.

Сонин шүү энэ хорвоо.. ийм л байх ёстой юм болов уу?

Бээжинд

Ноднин бас нэг сургалтаар Бээжин орлоо. Түрүүчийн удаа явахад баригдаж дуусаагүй байсан учир сая явахдаа Олимпийн нээлт болсон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн болон Усан шоог зорин байж очиж үзлээ. Найман сарын халуу шатсан өдөр маш шахуу графиктайгаар хятад найз охиноороо газарчлуулан, хэлмэрчлүүлэн явав. Хэрвээ өөрсдөө явсан бол ч үнэхээр бүтэхгүй бололтой. Тэгээд нөгөө хоёр алдарт барилга дээр очиход хөл хөдөлгөөн ихтэй, түмэн улсууд цугласан газар байдаг юм байна. Усан шоо нь цэв цэнхэрээр гэрэлтээд харин цэнгэлдэх хүрээлэн нь улаан өнгөөр гэрэлтээд харсан хүнд гоё сэтгэгдэл үлдээх юм. За тэгээд яаж зүгээр байхав, аппаратаараа бяцхан бичлэн хийгээд амжсанаа тавьлаа.



Аа нээрээ 2 дахь бичлэг дээр нь Усан шооны хажууханд орой бүр Хятадын хөгшчүүл цуглаж уламжлалт бүжгээ хийдэг юм байна. Эрүүл мэнддээ анхаардаг сүрхий улс шүү. Зарим хөгшчүүл нь үнэн цоглог юм аа. За тэгээд бичлэгнээс харагдана байх.

Сургамжит үлгэрүүд 2

ГУРВАН БАРИМАЛ

Хөрш 2 улсын хаад өөр хоорондоо дайтахгүй боловч төрсөн өдөр болон бусад баярын өдрүүдэд бие бие рүүгээ өвөрмөц сонин бэлэг явуулж ухааныг нь шалгадаг байжээ.
Хаан нэгэн өдөр улсынхаа хамгийн алдартай уран барималчинг дуудуулжээ. Түүнд ийн хэлэв:
"За барималч минь, би чамаар нэг сөөм өндөртэй, алтаар хийсэн, яг адилхан гурван хүн хөшөө хийлгэмээр байна. Гэвч тэдний хооронд энгийн боловч маш том ялгаа байх болно. Үүнийг чи бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй" гэлээ. Уран барималчин ч богино хугацаанд хааны зарлиг ёсоор гурван хүн хөшөөг хийж дуусгав. Хаан тэднийг хөрш улсынхаа хаанд бэлэг болгон илгээхдээ дэргэд бас нэг захиа илгээсэн байжээ. Тэрхүү захиандаа:
"Танд төрсөн өдрийн бэлэг болгож энэ гурван баримлыг илгээлээ. Энэ гурав өөр хоорондоо адилхан харагдаж байж магадгүй. Гэвч эдгээрийн зөвхөн нэг нь л маш хүндтэй шагнал юм шүү. Түүнийг олохоороо надад мэдэгдээрэй" гэж бичсэн байв.
Бэлгийг хүлээн авсан хаан учрыг нь олохын тулд эхлээд гурвууланг нь жигнэж үзтэл тэд хоорондоо граммаараа хүртэл яг адилхан байв. Аргаа барсан хаан улсынхаа урлаг соёлыг ойлгодог бүхий л хүмүүсийг дуудаж тэднээр харуулж шинжүүлсэн боловч харамсалтай нь хэн ч учрыг нь тайлж чадсангүй. Ийнхүү улс даяараа арга мухардан шаналж байтал хаант төрд тэрсэлсэн хэргээр гянданд хоригдож байгаа нэгэн залуугаас мэдээ иржээ. Энэ залуу оюун ухаан төгс нэгэн боловч хааны зарлигийг эсэргүүцсэн хэргээр гянданд хоригдож байгаа юмсанж. Залуу баримлуудыг сайтар ажиглаж үзээд тэднээс нарийн утас авчрахыг шаарджээ. Залууд утсыг өгтөл:
Нэгдэх баримлын чих рүү утсаа хийтэл түүний амнаас нь гарч ирэв.
Хоёр дахь баримлын мөн чих рүү нь хийтэл түүний нөгөө чихнээс нь гарчээ.
Гурав дахь баримлын чих рүү нь хийтэл түүний ямар ч газраар нь гарч ирсэнгүй. Түүнд ердөө утас орох нарийхан нүхнээс өөр онгорхой байсангүй. Тэгээд хаан учрыг олсонд их баярлаж баримлыг илгээсэн хаан руу ийн хариу захиа бичин илгээжээ.
"Чихээрээ сонссоноо амаараа гаргадаг хүн бол сайн хүн бишээ. Нэг чихээрээ сонссоноо нөгөө чихээрээ гаргадаг хүн надад таалагддаггүй. Чихээрээ сонссоноо зүрхэндээ хадгалдаг хүн жинхэнэ сайн хүн. Ийм эрхэм хүндтэй бэлэг явуулсан танд баярлалаа" гэжээ.

"Эмпати" төвөөс эрхлэн гаргадаг "Сургамжит үлгэрүүд-3" номноос...

Турк улсад


Ноднин Туркийн Cтанбул орохдоо энэ бичлэгийг хийсэн юм. Ази, Европыг заагласан Bosphorus-н хоолойны хойд хэсэгт нь байдаг ордон. Яг юуны ордон гэдгийг нь мартчихжээ. Сурвалжлахаар яваагүй болохоор. :) Харин энэ бол амралтаараа гудамжинд хөгжим тоглож мөнгө олж, нэг ёсондоо дадлагаа ч хийж байгаа консерваторын оюутнууд юм байна. Эдний бичлэгийг нь өөр компъютерт хийчихсэн байсан чинь эвдэрчихсэн байна. Зассаных нь дараа оруулнаа. Үнэхээр гоё уянгалаг хөгжим байсан. Голд сууж байгаа эмэгтэйнх нь тоглож байгаа нь ёочинтой их төсөөтэй, яг л ёочин харагдаж байна лээ дээ.

Эх орны бүтээгдэхүүн

Бидний эх оронч, үндсэрхэг үзэл маань хаана, хэзээ, хэдийд, ямар нөхцөлд гарах хэрэгтэй вэ, ямар байдлаар үүнийгээ илэрхийлэх вэ гэж олон хүн боддог байх. Зарим нэг нь цээжээ дэлдэж, би Монгол хүн, Монголоороо бахархаж байна гэж хэлж ярьж, өөр үндэстний иргэдийг дарамтлах, зодох, эд хөрөнгийг булаан авч, Монголоос зайл гэж хэлэх хэрэгтэй гэж үздэг. Харин жинхэнэ үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлгээ маань дотоодын бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх, орчин тойрондоо хүндэтгэлтэй хандах, байгаль орчноо бохирдуулахгүй байх зэргээр илэрхийлэгдэх ёстой гэж би үздэг.

Монгол бүтээгдэхүүний хувьд хямд, чанартай, сайн бүтээгдэхүүнүүд зөндөө байдгийг захаас нь танилцуулъя.

1.Ичкрем компаний гоо сайхны бүтээгдэхүүнүүд, тэр дундаа сүүн шингэн, биеийн тос, гарын тос нь ямар ч гадны бүтээгдэхүүнүүдээс дутахгүй хийгдсэн байна лээ.
2.Ариун гэдэг "0"-н цаас. Солонгос, Хятад, Оросын цааснуудаас /Оросын бор цаастай харьцуулах шаардлагагүй/ хол давсан хөвсгөр, зөөлөн, цагаан. Хэрэглээнийхээ хэмжээгээр авч болохоор олон төрлөөр ууталсан, боловсронгуй болсон байна лээ.
3.Эко-Эрдэнэ ХХК, Еден ХХК-ны жимсний чанамалууд бол бусад импортын варенуудтай харьцуулалтгүй амттай, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж чадсан байна. Нэрсний, Аньсны гээд л...
4.Сүүлийн үед СҮҮ ХК-ны бүтээгдэхүүний төрөл олширч олон гоё юм хийдэг болжээ. Саяхан авсан монгол масло нь бол яг өрөм л гэсэн үг. Урьд нь Монгол масло гэхээр давстай гашуун юм санагддаг байсан бол энэ удаад өөрчилж чаджээ.

гэх мэтчилэн олон гоё бүтээгдэхүүнүүд гарч байгаа учраас хэрэглэж заншихыг уриалж байна. Энд мэдээж гадны өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнийг орууллаа. Мэдээжийн хэрэг миний мэддэггүй олон бүтээгдэхүүн байгаа гэж найдаж байгаа. Та бүхний мэддэг зүйлс энд байхгүй бол хэлж өгч туслаарай :)

Би эднийхээ зургыг нь оруулъя гэж бодсон чинь олдохгүй байна. Дараа олдвол нөхөж оруулнаа.

"Signature"


Дандаа л бухимдаж явдаг хүн аятай баахан л бухимдалтай зүйлсээр блогоо дүүргэчихлээ. Тийм болохоор бага зэрэг өөдрөг зүйл тавья гэж бодоод Авъяаслаг Британчууд тэмцээнд оролцсон бүжгийн хамтлаг "Signature"-н бичлэгүүдийг орууллаа.

Эхний шалгаруулалтын бүжиг
Дараагийн шатных
Сүүлийн шалгаруулалт

My Blog List

Guess who is it?

Guess who is it?