О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.
О. Дашбалбар – Яах юм бэ?
[ 2007-02-08 ]
Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм
Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм
Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм
Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм
Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм
Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм
Up There
10 months ago
0 comments:
Post a Comment